ДУЛААЛГЫН ТООЦООЛУУР
ТӨСӨЛД БҮРТГҮҮЛЭХ,
САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЭЛ
ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БРИГАД

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

  • Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотод дулаалгын зах зээлийг бий болгохыг зорьж буй төсөл

    2019-10-15
    Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл” төсөл нь Улаанбаатар хотод чанарын баталгаатай дулаалгын зах зээлийг бий болгохыг зорин ажиллаж байна. Өмнө нь иргэд барилгын норм стандартыг даган мөрдөхгүйгээр өөрсдийн мэдлэг, мэдээлэл дээр тулгуурлан баталгаагүй материалаар дулаалгаа хийдэг байсан нь дулаалгыг үр ашиггүй, мөнгө үрсэн ажил болгодог байв. Энэ нь иргэдийн дунд “Дулаалга” ийм л байдаг гэсэн нийтлэг ойлголтыг төрүүлж байгаа нь бодит байдал.
     Харин “Дулаан шийдэл” төсөл нь дулаалгын талаарх өрөөсгөл ойлголтыг өөрчилж, чанарын баталгаатай материалтай, шинжлэх ухааны үндэслэлтэй зөв аргачлал бүхий дулаалгын зах зээлийг бий болгох зорилготой. Энэхүү дулаалгын зах зээл нь эрэлт талаас амины орон сууцаа дулаалах сонирхолтой иргэдийг, нийлүүлэгч тал буюу чанарын шаардлага хангасан дулаалгын материал нийлүүлэгч, байшингийн дулаан алдагдал, дулаалгын тооцоог хэмжих мэргэжлийн эрчим хүчний зөвлөх, дулаалгыг хийж гүйцэтгэх барилгачид, санхүүгийн асуудал ногоон зээлээр шийдэх банк, санхүүгийн байгууллагуудтай тус бүр холбож, хамгийн сүүлд эрчим хүчний аудитораар үнэлгээ хийлгэн баталгаажуулснаар дуусах цогц систем юм.
      "Дулаан шийдэл” төслийн хүрээнд бий болж буй дулаалгын зах зээл нь оролцогч бүх талуудад харилцан ашигтай байхаар зохицуулалт хийгдэж байна. Мөн үйлчлүүлэгчийн хэрэгцээ, өрхийн санхүүгийн боломжид үндэслэн бүтэн дулаалга, дээврийн дулаалга гэх мэт олон төрлийн дулаалгын багцуудыг санал болгож байна. Бүтэн дулаалгын багцыг сонгож хийлгэвэл байшингийн  дулаан алдагдал 70 хүртэлх хувиар багасах төдийгүй төдий чинээ түлшний хэрэгцээ багасна. Энэхүү зах зээлийн үндсэн зохицуулалт нь дулаалгын эрэлт хэрэгцээнд тулгуурласан зах зээлийн нарийвчилсан суурь судалгаанд үндэслэсэн юм.
       Дулаалгын ажил хэрэгжүүлэх үе шат:
      Эрчим хүчний зөвлөх амины орон сууцанд үнэлгээ хийж, тухайн байшинд тохирсон дулаалгын материалын дагуу үнийн санал өгнө. Тухайн өрх нь дулаалгын зардлыг өөрсдөө төлж болно, эсвэл Хас банкны 8%-ийн хүүтэй ногоон зээлд хамрагдаж болно. Хэрэв зээлд хамрагдах боломжтой бол зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар дулаалгын ажил эхэлнэ. Чанарын шаардлага хангасан дулаалгын материалууд нийлүүлэгчээс айлд хүргэгдэж ирсний дараа, барилгачид нэг долоо хоногийн дотор ажлаа хийж гүйцэтгэнэ. Ажил дууссаны дараа эрчим хүчний зөвлөх чанарын шалгалт хийх бөгөөд эрчим хүчний аудитор дулаан алдагдлын хэмжээг тооцоолсноор дулаалгын ажил дуусгавар болно.
      Дулаалгын үнэ, дулаалгын материалын талаар багцаа мэдээлэл авахад айл өрхүүдэд хялбар болгох үүднээс “Дулаан шийдэл” төсөл www.dulaalga.mn  вэбсайтыг ажиллуулдаг. Сонирхсон өрхүүд уг вэбсайтад хандаж байшингийн мэдээллээ оруулснаар урьдчилсан тооцоог гаргаж, эрчим хүчний зөвлөхийг дуудаж байшингаа үнэлүүлэх захиалга хийгдэнэ.  
    Төслийн суурь судалгаанаас үзэхэд иргэд агаарын бохирдол юунаас болж үүсдэг талаар мэддэг, агаарын бохирдлыг бууруулах үндсэн арга зам нь дулаалга гэж сонсож байсан боловч дулаалгыг зөв зохистой хийснээр дулаан алдагдлыг маш их бууруулж чадах талаар мэдээлэл тун бага байна. Тиймээс “Дулаан шийдэл” төсөл сайн чанарын зөв дулаалга байшингийн дулаан алдагдлыг багасгаад зогсохгүй өрхийн санхүүд хэмнэлттэй гэх мэдээллийг ард иргэдэд өгөхийг зорьж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд сайжруулсан түлшний хэрэгцээг багасгах, түүнчлэн түлшний хэрэглээг багасгахад байшинг сайн дулаалах нэн шаардлагатай байна.
      “Дулаан шийдэл” төслийн барилгын эрчим хүч, дулаан алдагдлын хэрэгцээний тооцоолол, хяналтын маягт хамтдаа эрх зүйн баримтад тусгагдаж Барилгын дулаан хамгаалалтын шинэчлэгдсэн нормд багтсан бөгөөд уг норм стандарт 2021 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. “Дулаан шийдэл” төсөл нь ирээдүйд илүү олон оролцогч талуудыг хамруулж дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот болох Улаанбаатарын дулаалгын зах зээлийг улам өргөжүүлэхийг зорьж байна.
     
    “Дулаан шийдэл” төслийн тухай
     
      Европын Холбоо, Абби пиер сан, Чехийн болон Францийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл” төслийг Жэрэс ОУТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Пипл ин нийд ТББ нар хамтран хэрэгжүүлдэг.
     
    Төсөл удирдан хэрэгжүүлэгч Жэрэс ОУТББ-ын тухай

      Төслийг удирдан хэрэгжүүлдэг Жэрэс нь Европ, Африк, Ази тивд 40 гаруй жил ажиллаж буй эрчим хүч, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэшсэн олон улсын төрийн бус байгууллага бөгөөд ард иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулахад хувь нэмрээ оруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах үйл ажиллагаа явуулдаг.

  • Европын холбоо, Францын Элчин Сайдын Яамны төлөөлөгчид "Дулаан шийдэл" төсөлтэй дэлгэрэнгүй танилцлаа

    2019-10-15
    Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүн Марко Ферри, Францийн Элчин Сайдын Яамны Тэргүүн зөвлөх Никола Лакотэ нар  Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл” төслийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцлаа.  Төслийн зорилго нь гэр хорооллын айл өрхийн дулааны алдагдлыг дор хаяж 30% -аар багасгаж дулааны эх үүсвэр болох нүүрснээс ялгарах утааг 30% бууруулах зорилготой. Эрчим хүчний хэмнэлт, бохирдлыг бууруулах зорилтыг илүү хүртээмжтэй болгохын тулд “Дулаан шийдэл” төсөл нь Хас банктай хамтран ажиллаж, байшингаа дулаалах хүсэлтэй айлуудад 30 сарын хугацаатай 8%-ийн хүүтэй ногоон зээлийг санал болгож байна.
    Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Дэд тэргүүн Марко Ферри “Европын Холбоо “Дулаан шийдэл” төслийг санхүүжүүлдэг. Төслөөс боловсруулсан амины орон сууцны төрөл бүрийн дулаалгууд нь гэр хорооллын иргэдэд нүүрсний хэрэглээг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулахад, мөн байшинд амьдрах тав тухыг нэмэгдүүлэхэд үнэмлэхүй хувь нэмэр оруулж байгааг харахад тун таатай байна." хэмээн онцлон хэлэв. Цаашлаад Францийн Элчин Сайдын Яамны Тэргүүн зөвлөх Никола Лакотэ “Европын Холбоо, Чех болон Францын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэй “Дулаан шийдэл” төсөл нь гарын дүйтэй барилгачдыг бизнес эрхлэгч болох зах зээлийг бий болгож, айл өрхүүдэд ногоон зээл авах замаар сайн чанарын дулаалгыг авах боломжийг бүрдүүлж байгаад Францын Элчин Сайдын Яам маш сэтгэл хангалуун байна. Ийм төсөл Монгол улсад зайлшгүй шаардлагатай байхад “Дулаан шийдэл” төсөл эхэлж, одоог хүртэл хувь нэмрээ оруулж байгаад их баяртай байна. " хэмээн хэллээ.
    Дулаан шийдэл төслийн тухай
     
    Европын холбоо, Абби пиер сан, Чехийн болон Францийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл” төслийг Жэрэс ОУТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Пипл ин нийд ТББ нар хамтран хэрэгжүүлдэг.
     
    Төсөл удирдан хэрэгжүүлэгч Жэрэс ОУТББ-ын тухай

    Төслийг удирдан хэрэгжүүлдэг Жэрэс эрчим хүч, хөгжлийн чиглэлээр мэргэшсэн Францын ТББ бөгөөд Европ, Африк, Азийн 40 гаруй жилийн туршлагатай, хамгийн эмзэг хүмүүсийн амьдрах нөхцөлийг сайжруулж, цаг уурын өөрчлөлтийн нөлөө, түүнд дасан зохицох үйл ажиллагаа явуулдаг.

  • Хувийн сууцаа дулаалах иргэдэд ХасБанк 8%-ийн хүүтэй зээл олгож байна

    2019-11-05


    “Эко дулааны шийдлийг Бид дэмжинэ” уриатай энэ удаагийн чуулганы гол зорилго нь эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур худалдан авах, хувийн сууцаа технологийн дагуу дулаалахаар сонирхож буй иргэдийг дээрх төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэгчидтэй холбож өгөх, аль аль талын санхүүгийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар мэдээлэл өгөхөд оршиж байсан бөгөөд эцсийн дүндээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах нэгдмэл зорилгод чиглэж байв.

    "Хас" Банкны зүгээс БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэмжлэгтэйгээр иргэдэд олгож буй Эко хэрэглээний зээлээ танилцуулсан. Тус зээлд хамрагдсанаар та эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур худалдан авч, суурьлуулах эсвэл байшингаа дулаалахад зориулж 20 сая хүртэлх төгрөгийг жилийн 8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай авах боломжтой.

    "Дулаан шийдэл" төсөл дулаалсан айлуудаа хаягжууллаа.

    Бид төслийн эхэнд туршилтын журмаар 10 айлын амины орон сууцыг дулаалж, зөв, чанартай дулаалгын ач холбогдлыг таниулж, байшингийн дулаан алдагдлыг хэмжсэн юм. Хэмжилтийн дараа айл өрхийн дулаан алдагдал дор хаяж 30% буурсан бөгөөд бүтэн дулаалуулсан айлуудын дулаалга 70% хүртэл буурчээ. Дулаан алдагдал буурсан хэмжээгээр түлшний хэрэглээ төдий чинээ багасдаг бөгөөд зарим айл өрх 12 сар хүртэл гал огт түлэхгүй, халаалт хэрэглэхгүй эрчим хүчний хэмнэлттэй амьдарч байгаа тухайг дурдаж байв.

    “Дулаан шийдэл” төсөлтэй холбогдож амины орон сууцаа мэргэшсэн бригад, барилгачдаар, Хас банкны 8%-ийн зээлд хамрагдаж дулаалуулах бол +976-75052000-руу холбогдож захиалга өгөх эсвэл www.dulaalga.mn -д хандаж бүртгүүлээрэй.

    Байгаль орчинд ээлтэй шар шавран бүтээцийг Монгол улсад дахин хэрэглэж үзлээ

    Улаанбаатар хотын оршин суугчдын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Тийм учраас гэр хороололд тохиромжтой, хямд төсөр, удаан хугацаанд тэсвэртэй барилгын арга технологи маш хэрэгцээтэй байдаг.
     Эрт дээр үед сүм хийд барихад ашигладаг байсан технологи болох “шар шавраар барилгын бүтээц хийх” аргыг ПАДЕМ Монгол, “Эрүүл саруул амьдрахуй” ТББ-ууд хамтдаа хөгжүүлж, дахин сэргээлээ. Уг арга технологийг хөгжүүлэхэд Европын Холбоо, Свич-Эшиа хөтөлбөр, Абби Пиер сан, Чех болон Францийн хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилттэй, Жэрэс ОУТББ-ын удирдан хэрэгжүүлдэг “Дулаан шийдэл” төсөл санхүүжүүллээ. Энэхүү аргачлалд шавраар блок хийх, даршилсан цутгамал хийх 2 төрлийг дахин туршиж үзлээ. Шавран блокийг элс, шавар, цементийн чийглэг зуурмагийг сайтар шахсанаар гаргаж авдаг. Даршилсан цутгамлыг ихэвчлэн бат бөх модон хүрээ хийхэд ашигладаг бөгөөд тухайн хүрээг элс, хайрга, шавар, цементийн холимог чийглэг хөрсөөр дүүргэдэг.
    Уг арга технологийг хөгжүүлэх явцад гэр хороололд амьдардаг зорилтот бүлгийн 30 оролцогч, “Дулаан шийдэл” төслийн барилгачдад архитектор Д. Чинбадам багшийн удирдлага дор 2 долоо хоногийн сургалт зохион байгууллаа. Оролцогчдыг “Эрүүл саруул амьдрахуй” ТББ, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын Багш-Эцэг Эхийн холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо сонгож оролцуулав.  
    Оролцогсдын 84% нь сургалтад оролцсондоо сэтгэл хангалуун байснаа хэлэв. Зарим оролцогчид орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх зорилгоор цаашид ч сурсан мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлэхээр урам зориг дүүрэн байгаагаа илэрхийлэв. Мөн оролцогчид энэ аргачлалыг улам олон иргэдэд таниулж түгээх, залуусыг түлхүү оролцуулж зааж сургах гэх мэт үнэт зөвлөгөө өгч байв. 
    Сургалтад идэвхтэй оролцсон Содномпунцагийн Сүх-Очир сургалтын баг хамт олонд талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид энэхүү технологийг үйлдвэрлэх жижиг хэмжээний үйлдвэр байгуулах сонирхолтой байгаагаа хэлж байлаа.
    Жэрэс ТББ-ын Суурин төлөөлөгч Биатриз Марото Изкиердо “Монголын сүм хийдүүд олон зууны туршид эрс тэс уур амьсгалд тэсвэртэй байсан бөгөөд энэ нь суурин монгол барилга угсралтын эртний аргуудын ховор жишээ юм. Уламжлалт барилгын арга техникийг шинэчилж хэрэглэсэн нь Жэрэс ТББ-ын Марокко, Тажикстанд хэрэгжүүлсэн төслүүдээр байгаль орчин, нийгмийн үүднээс хамгийн сайн дасан зохицох чадвартай болох нь батлагдсан. Тийм ч учраас бид Монголд энэ арга технологийг туршиж үзэхийг хүссэн юм.” хэмээн сургалтын талаар хэлэв.
    Оролцогчдын сэтгэгдэл өндөр байгаа нь шар шавраар бүтээц хийх арга техникийг сэргээж, уг аргыг Монгол улсад олон нийтэд өргөн ашиглах ёстойг баталж байна. Сүм хийдийн барилга байгууламжид уг техник технологийг ашиглаж байсан түүхтэй тул Монгол Улс байшин барих хуучин арга барилыг дахин ашиглахад бэлэн байгааг харуулж байна.
     
    “Дулаан шийдэл” төслийн тухай
     
    Европын холбоо, Абби пиер сан, Чехийн болон Францийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл” төслийг Жэрэс ОУТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Пипл ин нийд ТББ нар хамтран хэрэгжүүлдэг.
     
    Төсөл удирдан хэрэгжүүлэгч Жэрэс ОУТББ-ын тухай

    Төслийг удирдан хэрэгжүүлдэг Жэрэс эрчим хүч, хөгжлийн чиглэлээр мэргэшсэн Францын ТББ бөгөөд Европ, Африк, Азийн 40 гаруй жилийн туршлагатай, хамгийн эмзэг хүмүүсийн амьдрах нөхцөлийг сайжруулж, цаг уурын өөрчлөлтийн нөлөө, түүнд дасан зохицох үйл ажиллагаа явуулдаг.

    Алхам алхмаар дулаан сууцтай болох арга

    Та бага багаар хувийн сууцаа дулаалснаар байшингийнхаа дулаалгыг сайжруулж, насжилтыг уртасгаж болох талаар мэдсэн үү?
    Хэрэв үүний талаар сонсож амжаагүй бол анхаарлаа хандуулаарай.

    “Дулаан шийдэл” төсөл гэр хороололд амьдарч буй иргэдэд хувийн сууцаа хэсэгчлэн дулаалах замаар бүрэн дулаалж, дулаан алдагдал багатай, тув тухтай сууцад амьдрах боломж олгож байна. Хувийн сууцаа бүрэн дулаалж 70 хүртэлх хувиар дулааны алдагдлыг бууруулж, нүүрсний хэрэглээг багасгаж болох боловч айлууд тэр бүр нэг дор санхүүжүүлж бүрэн дулаалах боломжгүй байгаа тул “Дулаан шийдэл” төсөл алхам алхмаар дулаалах аргачлалыг танилцуулж байна.

    Айлууд эхлээд гарын доорх материалаар цонх, хаалга, шал гэх мэт дулаан их алддаг хэсгүүдээ дулаалж болох бөгөөд бидний санал болгож буй хялбар шийдлүүдийг 150,000₮-т багтааж хэрэгжүүлснээр  8 хүртэлх хувийн дулаан алдагдлыг бууруулж чадна. Цаашлаад дээврээ 5 см-аар дулаалахад дулаан алдагдлыг 14 хувиар бууруулж, дараа нь дээрээс нь 5 см давхарлахад 18 хувиар бууруулна. Дээврийн бүрэн дулаалга буюу 20 см дулаалга хийхэд дулаан алдагдал 35% хувь хүртэл буурах боломжтой.

    Дээврийн дулаалгын гол онцлог нь дээрээс нь давхарлах боломжтой байдаг тул та боломжоороо 5 см зузаантай дулаалгаас эхлэн 20 см хүртэл нэмэгдүүлж болно гэсэн үг юм. Үүний дараагаар харин ханыг, суурьтай хамт дулаалснаар Та байшингийн бүрэн дулаалгатай болж нийт дулаан алдагдлыг 70 хүртэлх хувиар бууруулна. Байшингийн дулаалга хийж, дотор агаарт дулаан хадгалагдсанаар галлагаа багасах бөгөөд тав тух нэмэгдэнэ. Мөн түүнчлэн нүүрсний хэрэглээ багассанаар дотор агаар дахь нарийн ширхэгт тоосонцор багасаж эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ. Байшингаа дулаалах нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оруулж буй маш том хувь нэмэр юм. Мөн байшингаа дулаалах нь нэг удаагийн том ажил биш, бид алхам алхмаар дулаалах бүрэн боломжтой. Та бүрэн дулаалга хийлгэх мөнгөө хадгалах гэж хүлээх зуураа бидний санал болгож буй хялбар шийдлүүдийг хэрэгжүүлснээр хувийн сууцдаа тав тухтай амьдарч болно.

    Та “Дулаан шийдэл” төсөлд хэрхэн хамрагдах вэ?
    Та байшингаа дулаалуулах сонирхолтой бол 7505-2000 руу залгаж Эрчим хүчний зөвлөхөөр техникийн үнэлгээ хийлгэх захиалга өгнө. Техникийн үнэлгээ нь айл өрхийн байршлаас хамаарч 20,000₮-50,000₮ болдог. Эрчим хүчний зөвлөх таны хувийн сууцанд үнэлгээ хийж, танай байшинд тохирсон дулаалгын материалын дагуу үнийн санал өгнө. Та дулаалгын зардлыг өөрсдөө төлж болно, эсвэл Хас банкны 8%-ийн хүүтэй ногоон зээлд хамрагдаж болно. Хэрэв зээлд хамрагдах боломжтой бол зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар дулаалгын ажил эхэлнэ. Чанарын шаардлага хангасан дулаалгын материалууд нийлүүлэгчээс айлд хүргэгдэж ирсний дараа, дулаалгын бригадууд нэг долоо хоногийн дотор ажлаа хийж гүйцэтгэнэ. Ажил дууссаны дараа эрчим хүчний зөвлөх чанарын шалгалт хийх бөгөөд эрчим хүчний аудитор дулаан алдагдлын хэмжээг тооцоолж дүгнэлт гаргаснаар дулаалгын ажил дуусгавар болно.
    Дулаалгын үнэ, дулаалгын материалын талаар мэдээлэл авахад айл өрхүүдэд хялбар болгох үүднээс “Дулаан шийдэл” төсөл www.dulaalga.mn вэбсайтыг ажиллуулдаг. Сонирхсон өрхүүд уг вэбсайтад хандаж байшингийн талаарх мэдээллээ оруулснаар дулаалга хийлгэхэд шаардлагатай материал, ажиллах хөлсийг харуулсан урьдчилсан тооцоог гаргаж, хүсвэл текникийн үнэлгээ хийлгэх захиалга хийгдэнэ. 

    БАРИЛГЫН САЛБАРЫН БИЧИЛ, ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БОЛОН БРИГАДУУДЫГ ДЭМЖИХ САЛБАР НЭЭГДЛЭЭ

    Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжиж буй “Дулаан шийдэл” төслийн хүрээнд Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын “Чингэлтэй дүүрэг дэх салбар” байгуулагдлаа. Уг салбар нь төсөлд хамрагдан мэргэшиж байгаа бригадууд, барилгын салбарт ажиллаж буй Бичил, жижиг, дунд /БЖД/ бизнес эрхлэгчдийг“ногоон ажил”-ын байранд зуучлах, сургаж дадлагажуулах зорилгоор 2020 оны 4 дүгээр сард байгуулагдсан юм. Бригадуудыг төслийн хүрээнд дулаалгын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд сургаж дадлагажуулахаас гадна, дулаалгын ажил гүйцэтгүүлэх хүсэлтэй хэрэглэгчидтэй холбон зуучлах, тэднийг нэмэлт орлоготой болгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгыг дэвшүүлэн “Чингэлтэй дүүрэг дэх салбар” үйл ажиллагаагаа явуулж байна.
    “Дулаан шийдэл” төсөл нь Улаанбаатар хотод чанарын баталгаатай дулаалгын чиглэлийн зах зээлийг бий болгохыг зорин ажиллаж байна. Энэхүү дулаалгын чиглэлийн зах зээл нь нэг талаасаа буюу эрэлт талаасаа хувийн сууцаа дулаалах сонирхолтой иргэдийг, нөгөө талаасаа буюу нийлүүлэгч талаасаа чанарын шаардлага хангасан дулаалгын материал нийлүүлэгч, байшингийн дулаан алдагдал, дулаалгын тооцоог хэмжих мэргэжлийн эрчим хүчний зөвлөх, дулаалгыг хийж гүйцэтгэх бригадууд, санхүүгийн асуудлыг “ногоон зээл”-ийн хүрээнд шийдэх банк, санхүүгийн байгууллагуудтай тус бүр холбож, хамгийн сүүлд нь эрчим хүчний аудитораар үнэлгээ хийлгэн баталгаажуулснаар дуусах цогц систем юм. Энэхүү дулаалгын чиглэлийн зах зээлийн хамгийн чухал хэсэг бол чанарын шаардлага хангасан, зөв аргачлалаар дулаалгын ажлыг хийж гүйцэтгэх барилгын салбарт ажиллаж байгаа бригад болон бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид юм. Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын “Чингэлтэй дүүрэг дэх салбар” нь төслийн хүрээнд байгуулагдсан Салбар хэдий ч төсөл дууссаны дараа ч тогтвортой үйл ажиллагаагаа бие даан явуулах нөхцөлөөр хангагдаж байна. Сургалтад хамрагдсан бригадуудыг гэрчилгээжүүлж, дулаалга хийлгэх хүсэлтэй айл өрхүүдтэй холбон зуучилснаар дулаалгын чиглэлийн зах зээлд чанартай үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг бий болгох боломжийг бүрдүүлж байна.
    “Дулаан шийдэл” төслийн суурь судалгааны хүрээнд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн хэмжээнд барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж буй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч болон бригадуудыг бүртгэлжүүлж, Улаанбаатар хотын хэмжээнд бригадуудын мэдээллийн санг анх удаа үүсгэснээр тэдгээрийн ажлын туршлага, мэргэжлийн чадавх, эдийн засгийн нөхцөл байдал, ажиллах хүчний мэдээлэл зэргийг багтаасан мэдээллийн сантай болсон. Тус судалгаан дээр үндэслэн, дулаалгын чиглэлийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэх сонирхол бүхий, нэмэлт орлоготой болж “ногоон ажил” эрхлэх хүсэлтэй бригадуудыг сонгон шалгаруулж сургалтад хамруулан дадлагажуулснаар одоогийн байдлаар нийт 13 бригад тогтвортой үйл ажиллагаагаа эрхэлж байна. Бид төслийн хүрээнд хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг 2020 оны 10 дугаар сард зохион байгуулсан бөгөөд нэмэлтээр 17 бригадуудыг сонгон шалгаруулан сургаж эхлээд байна. Төслийн үргэлжлэх хугацаа буюу 2021 он гэхэд бид нийт 50 бригадуудыг сурган дадлагажуулж, тогтвортой нэмэлт орлоготой болгож, холбон зуучлах үйл ажиллагааг явуулсан байхыг зорьж ажиллаж байна. Дараагийн шатны нээлттэй сонгон шалгаруулалт нь 2021 оны 2 дугаар сард явагдах тул сонирхсон бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон бригадууд бидэнтэй холбогдон төсөлд хамрагдах боломжтой.

    Түгээмэл асуудаг асуултууд

    Компани болон нийлүүлэгч

    Харилцагч

    • 1. Дулаан Шийдэл төсөлд хэрхэн хамрагдах вэ?

      Дулаан Шийдэл төсөлд хамрагдах тохиолдолд та манай dulaalga.mn хаягаар орж байшингийн хэмжээсийн мэдээлэл болон бүтээцийн талаарх мэдээллээ оруулан, эрчим хүчний зөвлөх үйлчилгээг захиалах боломжтой. Тухайн зөвлөх маань таны байшингийн бүтээцэд тааруулж зөвлөгөө, дүгнэлт өгснөөр та ХАС болон ХААН банкны ногоон зээл авах боломжтой болно.

    • 2. Эрчим хүчний зөвлөх үйлчилгээ нь ямар үнэтэй вэ?

      Эрчим хүчний зөвлөх үйлчилгээ нь хотын аль бүсд байгаагаасаа хамаарч 20,000-50,000 хооронд байна.

    • 3. Санхүүгийн дэмжлэг байгаа юу?

      Санхүүгийн дэмжлэг одоогоор байхгүй байгаа.

    • 4. Дулаан алдагдлыг хэмжиж өгөх үү?

      Та манай 75052000 утсаар, эсвэл www.dulaalga.mn веб хуудас, эсвэл Facebook мессенжерээр захиалга өгч сууцын дулаан алдагдлаа тооцуулж авч болно. Хүйтний улиралд нэмэлтээр дулааны камераар зураг авч тодорхой харуулах боломжтой.

    • 5. Зээлд яаж хамрагдах вэ?

      ХАС болон ХААН банкны жилийн 8 хувийн хүүтэй ногоон зээл авахын тулд та эхний ээлжид манай эрчим хүчний зөвлөхийн үйлчилгээ авч Техникийн үнэлгээний дүгнэлт бичүүлж авснаар банкны судалгаа хийлгэн эко хэрэглээний зээлд хамрагдах боломжтой. Бид бас "Транскапитал" ББСБ-тай хамтран ажиллахаар болж байгаа.

    • 6. Бригадуудтай хэрхэн яаж холбогдох вэ? Чанарын баталгаа өгөх үү? (DIY)

      www.dulaalga.mn вэбсайтын “Засвар үйлчилгээний бригад” гэсэн хэсэгт манай төсөлд бүртгэлтэй, мэргэшсэн бригадуудын мэдээлэл, туршлага, хийсэн ажлууд байгаа.Тэдэнтэй холбогдож төсөлд бүртгүүлээд хийх шаардлагатай ажил, материалаа тооцуулж үнэ хөлсөө тохирч болно.

    Байшингаа дулаалсан иргэдийн сэтгэгдэл

    • Байшингаа дулаалснаас хойш гал түлэхэд санаа зовохгүй сэтгэл амар байна. Байшингаа эртхэн дулаалах минь яавдаа гэж бодож байна. Та бүхэн ч бас байшингаа зөв дулаалаад сэтгэл амар амьдраарай гэж уриалж байна.

      Балдангийн Ганболд

    • Утаа нүүрс үнэртэхгүй, ойр ойрхон гал түлэх шаардлагагүй их амар байна. Эхнэр бид 2 гэр хүйтэн байгаа болов уу гэж санаа зовохгүй амар ажлаа хийж байна. Амьдрал их амар болсон шүү.

      Аюурзаны Эрдэнэбилэг

    • Тэтгэвэрт гарсан хүн хүч муутай, цаг завгүй хүмүүст мэргэшсэн бригад ирээд зориулалтын чанартай материалаар нь хурдан чанартай дулаалаад сэтгэл ханамжийн баталгаа өгдөг нь их зүгээр санагдсан. Одоо бол өдөрт 2 галладаг болсон, түлээ үнс зөөх ажил багатай, дулаахан сайхан өвөлжиж байна.

      Алтангэрэлийн Ням-Оргил

    САНХҮҮЖҮҮЛЭГЧИД :

    ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД :